Дэлхийн улс орнууд он гарсаар цар тахлын эсрэг иргэдээ вакцинжуулах ажлыг идэвхтэй явуулж байна. Тэгвэл ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар дэлхий даяар, улс орнуудад цар тахлын эсрэг хийсэн вакцины тоо нийт халдварын тохиолдлоос давсан байна.

ДЭМБ энэ талаар баасан гарагийн тайлан мэдээлэлдээ онцолсон байна. Гэхдээ одоогоор иргэдээ цар тахлын эсрэг вакцинд хамруулаад байгаа улс орнуудын үзүүлэлтээр чинээлэг, хөгжингүй орнууд тэргүүлж байгаа юм. Хэдийгээр цар тахлын эсрэг вакцины тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч он гарснаас хойш хийсэн вакцинжуулалтын үзүүлэлтийн 60 орчим хувь нь ердөө 10-адхан улс оронд оногдож байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус тэмдэглэн хэлжээ. Тиймээс баян чинээлэг улс орнууд вакцин идэвхтэй худалдан авч, иргэдээ вакцинжуулж байгаа нь сайн талтай ч нөгөө талаар ядуу буурай улс орнуудад оногдох вакцины хүртээмжийг сайжруулах нь зүйтэй гэдэг дээр ДЭМБ зогсч, вакцинаа хуваалцахад уриалжээ.