Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, Салхитын алт, мөнгөний ордын үйл ажиллагаатай танилцжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөхөөр болсон юм. Харин 2019 онд тэтгэврийн зээл тэглэх үеэр зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөг олгохоор болсон. Тэгвэл энэ ажил өнөөдрөөс эхэлж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК өнөөдөр 105 тэрбум төгрөгийг /37 сая ам.доллар/ Монгол банканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлэхээр болсон байна.