Арлын Японы нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй газар хөдлөлт болж, афтешок, газрын доргилт чичиргээ үргэлжилжээ. Бямба гарагт Японы зүүн хойд хэсэгт, Номхон далайн уснаа хүчтэй газар хөдөлсөн байна. Гамшигт үзэгдлийн улмаас цунами, далайн хүчтэй давалгаа дэгдэх аюул байгаагүй ч гамшиг сүйрэл учруулжээ.

Японы зүүн хойд мужид бямба гарагт 7,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичиргээ 2011 оны 3-р сард болсон хүчтэй газар хөдлөлтөд өртөж байсан Фукушима муж, мөн Мияги болон нийслэл Токио хотоос хойд, зүүн хойд болон төвийн хэсгийн нутгаар мэдрэгджээ. Нийтдээ гамшигт үзэгдэл Японы 10-аад мужийн нутагт мэдрэгдсэн байна. Токио хотын орчимд газар хөдлөлтийн хүч ойролцоогоор 4 магнитудын хүчтэй мэдрэгджээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор газар хөдлөлтийн гол хүч Фукушима мужийн далайн эрэг дагуух газарт, газрын 55 км-ийн гүнд байжээ. Түүнчлэн эхний хүчтэй газар хөдлөлтөөс хойш афтешок, газрын доргилт чичиргээ үргэлжилсээр байгаа юм.

Японы Цаг уурын Үндэсний газраас ард иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг гарган, газар хөдлөлтийн чичирхийлэл ойрын хэдэн өдөртөө үргэлжилж болзошгүйг сануулж байна.

Японд болсон газар хөдлөлтийн улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 120-иод хүн өртөн гэмтэж бэртсэн байна. Японы Мияги болон Фукушима мужид эхлээд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар 7,3 магнитуд болж хүч нь нэмэгджээ. Түүнчлэн эхний газар хөдлөлтөөс хойш өнөөдрийг хүртэл газрын чичирхийлэл их бага хэмжээгээр үргэлжилсээр байгаа юм.