Дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын улмаас Италийн мөнхийн хот Венецийн багт наадмыг энэ жил явуулахгүй өнжихөөр болсон бол алдарт Риогийн багт наадам мөн 2021 онд болохгүй өнжих нь ээ.

Бразилын Рио де Жанейро хотын захирагч Эдуарду Паес энэ жил Риогийн багт наадмыг зохион байгуулахгүй өнжих болсон талаар мэдээлжээ. Шалтгаан нь мэдээж хэрэг цар тахлын дэгдэлт өндөр байгаатай холбоотой юм.

2020 оны 9-р сард Риогийн самба бүжгийн сургуулиудын Лигийн удирдлага католик шашны цаг тооллоор жил бүрийн 2-р сард уламжлал болгон зохион байгуулдаг Риогийн багт наадмыг жирийн үед хугацааг нь хойшлуулах боломжгүй талаар мэдэгджээ. Тиймээс 2-р сард багт наадам зохион байгуулах боломжгүй, мөн хугацааг нь хойшлуулах өөрчлөх боломжгүй учраас 2021 онд Риогийн багт наадам болохгүйгээр өнжихөөр болсон байна.

Ингэснээр Бразилын алдартай багт наадам сүүлийн зуун жилийн хугацаанд анх удаа цуцлагджээ. Бразил улс COVID-19 коронавирусний халдварын тоогоороо бүс нутагтаа 1-т бичигдэж, энэ улсад 8,7 сая халдвар бүртгэгдэн, 214 мянган хүн нас барж, 7,6 сая нь эдгэрчээ.