Тайланд: Бангкокт коронавирусний эсрэг хатуу хөл хорио тогтоожээ

Ковид-19 /дэлхий/

Тайландад Алфа, Дельта хувилбарын халдвар хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас 10 сая гаруй хүн амтай нийслэл хотдоо 7 сарын 12-ны Даваа гарагаас хатуу хөл хорио тогтоосон байна.

Тус улсад халдварын 345 мянган тохиолдол, 2791 нас баралт бүртгэгдээд байгаа, өнгөрөгч 4 сараас сүүлийн давалгаа эхэлжээ.

Бангкокийн шөнийн амьдралын дүүрэгт байрлах клубуудад мутаци давамгайлсан анхны тохиолдлууд илэрсэн, дархлаажуулалтын явц удаашралтай, шинжилгээний хүчин чадал хязгаарлагдмал зэрэг байдал нь шинэ давалгаа эрчээ авахад нөлөөлсөн байна.

Тайландын Эрүүл мэндийн сайд Анутин

"Нөхцөл байдал санаа зовоож байна. Шинээр батлагдаж байгаа тохиолдлууд их байна, Дельта хувилбар одоо үйлдвэрүүдийн бусад мужид хурдан тархаж байна."

гэжээ.

Их Британи, Энэтхэгт Альфа, Дельта хоёр хувилбарын хоёулангаар нь халдвар авсан тохиолдол тус тус илэрч байсан бол одоо Тайландад мөн ийм хэд хэдэн хүн батлагджээ.

Даваа гарагаас нийслэл рүү нэвтрэх товчоонуудад автомашинуудыг орохыг хязгаарласан байна. 

Оршин суугчдыг 5-аас илүүгүй бөөгнөрөх, нийтийн унааг оройн 9 цагаас зогсоох, худалдааны төв /молл доторх/ супермаркет, ресторан, банк, эмийн сан, цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, бусад дэлгүүрүүдийг хаахаар болжээ.

Тайландын AirAsia 7 сарын 31-н хүртэл бүх дотоодын нислэгээ түр зогсоосон байна. Харин Бангкок Эйрвэйз болон  Тай Смайл агаарын компаниуд цөөн тооны дотоодын нислэг үйлдэх юм байна. 

Мөн Тайландын албаныхан Хятад Улсын Синовак вакцины эхний тунг тариулсан хүмүүст АстраЗенека хоёр дахь тунгаар хэрэглэхийг зөвшөөрчээ.

Учир нь Синовак вакцин тариулсан 900 гаруй эрүүл мэндийн ажилтны ихэнх нь коронавирусний халдвар авсан болохыг Ням гарагт мэдэгдсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.

 

Эх сурвалж: CNA