Манай улсад эхний ээлжинд орж ирэх АстраЗенека, Файзер вакцинуудыг хоёр тунгаар хийж байж дархлаа тогтдог. Тэгвэл аливаа вакцины эхний тунг хийлгэсэн бол дараа дараагийн тунг яг хугацаанд нь  тариулж байж судалгааны түвшинд дархлаа тогтдог байна. Тиймээс иргэд вакцинд хамрагдахдаа хоёр дахь тунгаа хугацаанд нь тариулахад онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа.

Энэ сарын 22-нд буух АстраЗенека вакциныг тариулах үед бага зэрэг халуурах, толгой өвдөх, хэсэг газар улайж урвал өгөх шинж тэмдэг  зарим орнуудад цөөн тоогоор илэрч байгааг хэллээ. Тиймээс вакцин тариулсан тохиолдолд дараах урвал, өөрт илэрч байгаа шинж тэмдгийг иргэд онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа. Мэргэжлийн байгууллага энэ тал дээр анхаарч хяналт тавин ажиллах юм.

Манай улс вакцины хадгалалт тал дээр асуудалгүй мэргэжлийн түвшинд бэлтгэл байдлыг хангасан гэдгийг албаныхан хэлж байгаа. АстраЗенека вакцин Файзерийг бодвол хадгалах нөхцөл хялбар, үнэ хямд байсан. Файзер вакциныг -60-80 хэмд хадгалах зориулалттай тул манай улс -75 хэмд хөлдөөх 26 хөргүүр бэлдсэн. Хадгалалтын хүнд нөхцөл нь улс орнуудад тус вакциныг  тээвэрлэх асуудалд хүндрэл дагуулж байсан. Харин  үйлдвэрлэгч орон хадгалах шаардлагыг сулруулж -15-25 хэмд тээвэрлэн хадгалдаг байхаар болжээ.

Файзер вакцины хадгалах шаардлагыг сулруулж эхэлжээ