Мьянмарт цэргийн эргэлт хийсэн цэрэг армийн командлалын эсрэг иргэдийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Тэгвэл иргэдийн ээлжит жагсаалын үеэр хууль сахиулагчид жагсагчдыг хүчээр тараахыг завдах үед нэгэн эмэгтэй толгойн тус газраа бууны суманд оногдон амиа алджээ.

20 настай Мья Тве Хаинг жагсаалд оролцож яваад толгойндоо буудуулан эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр эмнэлэгт маш хүнд байдалтай хүргэгдэн, улмаар нас барсан байна. Мьянмарын цагдаа хүчнийхэн иргэдийн жагсаалыг хүч хэрэглэн тарааж, ингэхдээ зэр зэвсэг хэрэглэж байгаа явдал жагсаалд оролцох үеэрээ амиа алдсан залуу бүсгүйн үхлээр нотлогджээ.

Олон улсын нийгэмлэг Мьянмарын цэргийнхнийг ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгааг буруутган шүүмжилж байна. Мьянмарт 2-р сарын 1-нд цэргийн эргэлт болсноос хойш энэ улсад иргэдийн жагсаал цуглаан үргэлжилж байгаа юм. Мьянмарын цэргийнхэн улсынхаа иргэний засгийн газрын тэргүүлэгчид, улс төрчдийг хоморголон баривчилж, хорьсон юм.