БНХАУ-ын онцгой засаг захиргааны бүс Хонгконгт иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн байна. Хамгийн эхэнд Хонгконгийн удирдагч Керри Лам ард иргэдээ вакцинжуулалт хийлгэхийг уриалан дархлаажуулалтанд хамрагджээ. Тэрбээр өчигдөр өдөр 14 цаг 30 минутын орчимд “Синовак”-ийн вакцинаас хийлгэсэн байна.

Өнөөдрөөс эхлэн иргэд сайн дурын үндсэн дээр коронавирусийн вакциныг үнэгүй хийлгэх боломжтой болж байна. Хонгконгт хамгийн эхэнд Хятадад үйлдвэрлэсэн “Синовак”-ийн вакциныг хэрэглэж байгаа. Керри Ламаас гадна бусад хэд хэдэн төрийн дээд албан тушаалтнууд камерийн өмнө нээлттэй байдлаар вакцинд хамрагдана гэж мэдэгджээ. Өнөөдрөөс эхлэн вакцинжуулалтад орох 60-аас дээш насны хүмүүс, эрүүл мэндийн ажилтнууд, мөн ахмад настан, асрамжийн газрын оршин суугчид, ажилтнууд гэх мэт хоёр сая хүнд өндөр ач холбогдол өгөн вакцинжуулна гэсэн байна.  Хонгконгт нийт 29 вакцинжуулах төв нээн ажиллуулж байгаа юм.