О.Гэрэлт-Од: Мэдээллийн санд муу түүхтэй үлдсэн залуучууд зээлэнд хамрагдах боломжгүй байна

Нийгэм

Монголын залуучуудын холбоо Төв банкны үүдэнд тайван жагсаал хийлээ. Тэд цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд залуу бизнесмэнүүдэд боломж олгохыг хүсч байгаа юм. Монголбанкинд зээлийн муу мэдээлэлтэй залуус олон бий. Тэд дахин хөл дээрээ босч алдаагаа засахыг хүсч байгаа ч Төв банкны мэдээлэлд орсон гэдэг шалтгаанаар бүх зээл, дэмжлэгээс таслагдах болсон байна. Тийм учраас нэг удаа харж үзэхийг Монголын залуучуудын холбооныхон хүслээ.

Зээлдэгчийн мэдээллийн санг үндэслэж зээл олгох эсэх шийдвэрийг эцэслэдэг. Өөрөөр хэлбэл, санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээлэл нь зээл авахад саад болдог байна. Яг энэ байдлаас шалтгаалж, бизнес эрхэлж байгаа олон залуучууд банкны босгыг давахгүй байгаагаа учирлаж, Монголын залуучуудын холбоонд ханджээ. Иймд Залуучуудын холбооноос Монголбанкинд хаяглан зээлийн мэдээллийн санд муу түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа арилгуулах саналаа хүргүүлсэн байна. Гэвч тодорхой хариу өгөөгүй учраас өнөөдөр шаардлагынхаа хариуг нэхэж тайван жагсаал хийлээ.  

Харин Монголбанкнаас тавьсан шаардлага бүрт хариу мэдэгдэл хүргүүлсэн. Маргааш албан ёсны тайлбар хийнэ гэдгээ мэдэгдлээ.