Коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг 6 сараар сунгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр боллоо.

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.31) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэллээ. Чуулганы хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн гэв.