Жил бүрийн 1-р сарын 7-ны өдрийг үнэн алдартны шашинтнууд Христийн мэндэлсэн өдөр буюу Үнэн алдартны зул сарын баяр болгон тэмдэглэдэг. Христийн мэндэлсний өдрийг үнэн алдартнууд шинэ эриний эхлэл гэж тооцон тэртээ 1-р зуунаас тэмдэглэж иржээ. 

Үнэн алдартны сүм энэ өдрийг “хоёр Адамын өдөр” гэж нэрийддэг байсан гэдэг. Учир нь энэ өдөр хортой алим идэж хүний бүх нүгэл үхлийн үүдийг нээгч хүн төрөлхтөний анхны эцэг гэж тооцогддог Адам төрж, мөн энэ өдөр хоёр дахь Адам буюу аврагч, амьдралын эх үүсвэрийг тэтгэгч Христийг мэндэлсэн гэж үздэг байна. Есүс Христийн мэндэлсэн ариун Вифлеем хотод үнэн алдартны шашны зул сарын баярын ёслол эхэлж, Христийн мэндэлсэн сүмд уламжлалт зул сарын баярын ном айлдсан байна. 

Христийн шашинтнууд зул сарын баярыг шинэ жилийн өмнө, хойно Григорианы болон Юлианы цаг тооллын дагуу хоёр удаа тэмдэглэдэг байна. Католик шашинтнууд шинэ он гарахаас өмнө Григорианы цаг тооллын дагуу 12/25-нд зул сараа тэмдэглэдэг бол үнэн алдартны шашинтнууд оны дараа буюу 1/7-нд Юлианы цаг тооллын дагуу зул сарын баяраа тэмдэглэдэг байна.