Цар тахлын нөхцөл байдал хүндэрч дэлхий нийтээр эдийн засаг хүндэрч байгаа өнөөгийн нөхцөлд олон улсад хоёр төрлийн арга хэмжээг авч байна.

Үүний нэг нь иргэдийн амьжиргааг дэмжиж халамжийн бодлого хэрэгжүүлэх бол нөгөө нь бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар иргэдийн орлогыг хамгаалж ажлын байрыг хадгалах асуудал юм.

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ОНЫ ЭЦЭС ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЖ ХҮҮГ ТАВИН ХУВЬ ХӨНГӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Манай улсын нийт бизнес эрхлэгчдийн 68 хувь нь зээлийн хүүгийн дарамтад үйл ажиллагаа явуулдаг байна. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон олон аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа. Тиймээс нэр бүхий гишүүд бизнес эрхлэгчдийн арилжааны банк болоод банк бус байгууллагаас авсан зээлийн төлбөрийг оны эцэс хүртэл хойшлуулах хуулийн төсөл өргөн барилаа.

Бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн зээлийн төлбөрийг оны эцэс хүртэл хойшлуулахаас гадна хүүгийн төлбөрийг 50 хувиар хөнгөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь цар тахлын нөхцөлд аж ахуй нэгжүүдээ дэмжих хамгийн том дэмжлэг болно гэдгийг хууль санаачлагч гишүүд онцолж байна.