Израильд амны хаалт зүүх журмыг халжээ

Ковид-19 /дэлхий/

Израильд цар тахлын үеийн хатуу хөл хорионы дэглэмийг халж, энэ ням гарагаас эхлэн задгай газарт, гадаа гудамжинд амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ. Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмыг 4-р сарын 18-наас эхлэн халсан байна.

Энэ дагуух журмыг Израилийн ЭМЯ-ны сайд Хези Леви гаргажээ. Израиль улс нь хүн амаа цар тахлаас сэргийлэх хамгаалах арга хэмжээг идэвхтэй явуулж, насанд хүрсэн иргэдийнхээ дийлэнх хувийг вакцинд хамруулаад байгаа юм. Вакцины үзүүлэлтээр Израиль  улс дэлхийд тэргүүлж, хүн амаа халдварт цар тахлаас хамгаалж, дархлаажуулж чаджээ. Тиймээс ч цар тахлын дэгдэлт буурч, шинээр өвчлөх тохиолдол эрс багассан учраас задгай газарт амны хаалт зүүх журмаа халж байгаа юм. Гэхдээ аюулгүйн үүднээс битүү орчинд, олон хүнтэй танхимд амны хаалтаа үргэлжлүүлэн зүүнэ.