Манай улсад монопол болсон банкны тогтолцоог өөрчилж арилжааны банкуудыг нэг хүний эзэмшилд биш хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж эхэллээ.

Ингэснээр арилжааны банкуудтай харилцдаг иргэдийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалж банкууд зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын нийт мөнгөн хөрөнгийн 70 гаруй хувийг хадгаламж зээл зэргээр иргэдээс эх үүсвэртэй хөрөнгө эзэлдэг бол ердөө 20 гаруй хувийг банкны хувьцаа эзэмшигчид бүрдүүлдэг байна. Гэвч банкны удирдлага нэгээс хоёр хувьцаа эзэмшигчийн гарт байдаг нь хяналт сулаас эхлээд олон сөрөг талтайг хэлж байна.

2023 ОНЫ 12 САРААС АРИЛЖААНЫ БАНКУУД ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИЖ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ДОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА 

Одоогоор арилжааны банкуудад 1-3 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байна. Тиймээс банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувийг эзэмшихгүй байхаар босго тогтоож банк өөр төрлийн бизнес эрхлэхийг хориглох төсөл боловсруулжээ. Энэ хүрээнд 2023 оны 12 р сарын 31-ний өдөр гэхэд Арилжааны банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжиж олон нийтийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг болно гэлээ. Гэхдээ банкинд олон хүний хөрөнгө эргэлдэж байгаа тул эрсдэлийг маш сайн тооцох хэрэгтэйг зарим гишүүд хэллээ.

Олон улсад банк дампуурах эрсдэл үүсэх гол шалтгаан нь нэг эзэмшлээс үүдэлтэй байдаг байна. Тиймээс Банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжиж өөрчлөлт хийх нь зүйтэйг гишүүд онцолсон юм.