Олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэлзүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн газраас бүрдүүллээ.

Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний аргыг олон улсын жишигт нийцүүлэхэд маш чухал алхам болох юм.

“UpToDate” платформыг 2020 оны 12 дугаар сараас нэвтрүүлж эхэлсэн байна. Энэхүү цахим платформыг ашигласнаар өвчний мэдээллийг түлхүүр үгийн тусламжтай богино хугацаанд хайж олох боломжтой.  Ингэснээр эмч нар нэг хүнд олон онош тавих, зөрүүтэй эмчилгээ хийх эрсдэл буурах зэрэг олон давуу талтайгаас гадна ЭМДЕГ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.

Энэхүү платформд үйлчлүүлэгчид зориулсан мэдээллийн хэсэг байдаг байна. Тэр нь энгийн үг хэллэг, агуулгаар бичигдсэн тул иргэд ч энэхүү системийг ашиглах боломжтой гэлээ. Одоогийн байдлаар “UpToDate” платформыг ашиглаж байгаа хүмүүсийн тоо 2021 оны төлөвлөсөн түвшинд хүрсэн нь манай эмч мэргэжилтнүүдийн дунд энэ платформыг ашиглах хүлээлт, эрэлт хэрэгцээ их байсныг харуулж байна гэж албаны хүн хэлсэн юм.