ОХУ-ын Ерөнхийлөгч Холбооны зөвлөлд хандан илгээлт мэдэгдэл хийлээ

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөл буюу улсынхаа парламентын танхимд хандан уламжлалт илгээлт мэдэгдлээ хийжээ. Улс төрийн ажиглагчид, шинжээчдийн таамаглаж байсанчлан Путин илгээлт мэдэгдлийнхээ үеэр улсынхаа дотоодын нөхцөл байдал, цар тахлын халдвар, улс орны нийгмийн асуудалд илүүтэй анхаарал хандуулжээ.

ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч жил бүр Холбооны хуралд хандан улс орны байдал, дотоод, гадаад бодлогынхоо талаарх үндсэн чиглэлүүдийн талаар илтгэл тавьдаг юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны зөвлөлд хандан жил бүр улс орны нөхцөл байдал, цаашдын засгийн газрын бодлого чиглэл, бусад анхаарал татаж байгаа цаг үеийн асуудлаар сонсгол хийдэг уламжлалаа энэ жил ч мөн давтжээ.

Энэ жил Путин илтгэлдээ улс орны хөгжил, хүн амзүй, иргэдэд үзүүлэх нийгмийн халамж дэмжлэгийн талаар тусгаснаас гадна цар тахалтай холбоотой нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулах арга замын талаар хөнджээ. Путины энэ удаагийн илгээлт 1 цаг 18 минут үргэлжилж, анхаарал татсан олон сэдвийг хөндсөн байна.