Сүүлийн өдрүүдэд илэрсэн коронавируст халдвартай иргэдийн биеийн байдал хурдан хугацаанд хүндэрч байгааг эмч нар хэлж байна. Учир нь иргэд халдварын шинж тэмдгээ сайтар мэдэхгүй байгаагаас үүдэн ханиад томуутай андуурч байгаа юм. Мөн халдвартай байж болзошгүй гэдгээ мэдсээр байж эмнэлэгт очих, өөр хүнтэй уулзах зэрэг хөдөлгөөн хийж байгаа нь тархалтыг хумихад хүндрэл үүсгэж байгааг онцоллоо. Тийм учраас иргэдэд халдварын шинж тэмдэг байж болзошгүй байдал анзаарагдвал мэргэжлийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхийг санууллаа.

 

Сүүлд батлагдсан тохиолдлуудаас 3-4 хүний биеийн байдал хүндэрч ирсэнийг ЭМЯ-наас мэдээллээ. Учир нь Ковид-19 халдвар авсан иргэд энгийн ханиадтай андуурч өвчнөө хүндрүүлэх, эмнэлгийн байгууллагаар явах тохиолдол гарч байгааг хэлж байна. Жишээлбэл, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Ковид-19 халдвар аваад хүндэрсэн нэг хүн ирснийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Тус иргэн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо, Нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн байжээ.

Халдвар авсан иргэд шинжилгээ өгөх биш ханиад болон томуу төст өвчинтэй андуурч эмнэлгүүдээр явсантай холбоотой эмч ажилчдыг тусгаарлан шинжилгээ авсан байна. Ингэхдээ Сонгдо эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарласан бол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тусгаарлан шинжилгээ авчээ. Эхний шинжилгээгээр Ковид-19 халдвар илрээгүй байна.

Тиймээс хамар битүүрэх толгой өвдөх хуурай ханиалгах амт үнэр мэдрэхгүй болох зэрэг томуу томуу төст өвчин ханиад хүрэхтэй ижил  шинж тэмдэг илэрвэл яаралтай ӨЭМТ хандаж шинжилгээ өгөх хэрэгтэйг анхааруулж  байна.  Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас онцгойлон санууллаа.