Нийслэлээс аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа. Гэхдээ хоолны газар, кофе шоп зэрэг амны хаалтаа авч үйлчлүүлэх газруудыг нээж байгаа хэр нь үсчин гоо сайхны газруудыг нээхгүй байна гэх иргэдийн шүүмжлэл гарсан.

Ковид-19 цар тахлаас сэргийлэн 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаад байсан. Харин өнөөдрөөс  түргэн үйлчилгээний цэгүүд, цанын бааз, гар утас болон цахилгаан бараа, тавилгын худалдаа үйлчилгээг нээлээ. Харин үсчин, гоо сайхны үйл ажиллагааг одоогоор нээхгүйг албаны хүн хэлж байна. Учир нь үйл ажиллагааг нь үе шаттай нээж байгаа газруудыг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эрэмбэлж байгаа  юм. Шинээр үйл ажиллагааг нь нээж байгаа газруудаар үйлчлүүлэх иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж QR кодоо заавал уншуулж үйлчлүүлэхийг санууллаа.

ТҮЦ-ҮҮД QR КОД УНШУУЛЖ, ЗӨВХӨН ЦОНХООР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Цанын бааз, амралтын газрууд, тавилгын дэлгүүрүүдээр иргэд үйлчлүүлэх магадлал өндөр байгаа тул аж ахуй нэгжүүд давхар бүртээ QR кодоо заавал байршуулахыг анхаарууллаа. Нийслэлийн хэмжээнд 154,000 гаруй цэг дээр QR код байршуулсан байгаа тул Мэргэжлийн хяналтын байгууллага өдөрт хэдэн иргэн код уншуулж ямар хөдөлгөөн хийж байгааг хянан ажиллаж байгаа тул аж ахуй нэгж иргэд QR кодыг заавал хэрэглэж хэвших хэрэгтэйг онцоллоо. Харин дараагийн ээлжинд нээгдэх бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны хэрэглэл тоглоомын худалдаануудыг нээхээр төлвөлсөн бол үсчин гоо сайхныг нээх нь дундаас дээш эрсдэлтэй гэдгийг хэлж байна.

ТҮЦ, ЦАХИЛГААН БАРАА, ТАВИЛГЫН ХУДАЛДАА, ЦАНЫН БААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЖ БАЙНА

 

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг ажиллаж эхэллээ. Тиймээс МХГ-ын 500 гаруй байцаагч түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт тавих юм байна. Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа зах худалдааны төвүүд халдвар хамгаалал, ариутгалын ажлыг муу хийж байгааг албаны хүн онцолж хяналт шалтгалтыг цаашид эрчимжүүлнэ гэлээ.