Дэлхийн хамгийн их хүн амтай улс орон болох Энэтхэг улс цар тахлын дэгдэлтийн үзүүлэлтээр ДЭМБ-ын жагсаалтын 2-рт бичигдэж байгаа юм. Энэ улсад COVID-19 коронавирусний 10 сая 572 мянган тохиолдол бүртгэгдэж, 152 мянга гаруй хүн нас барж, сая гаруй хүн эдгэрчээ.

Энэтхэг улс хүн амаа цар тахлаас сэргийлэхийн тулд вакцинжуулах ажлаа эхлүүлээд байна. Гэхдээ дэлхийн хамгийн их хүн амтай энэ улсын иргэдийг бүгдийг нь вакцинд хамруулах нь эдийн засгийн хувьд ч, вакцины хүрэлцээ хангамжийн хувьд ч бараг боломжгүй юм. Тиймээс эхний ээлжинд хамгийн эрсдэлт бүлэгт багтаж байгаа 30 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа хүчнийхэн, мөн иргэний хамгаалал, онцгой байдлын алба хаагчдыг нэн түрүүнд вакцинд хамруулахаар болжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх үүрэг чиглэл өгч, өнөөдрийн байдлаар Энэтхэг улс хоёр төрлийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм. Эхнийх нь Британи-Шведын хамтарсан Астра Зенека компани болон Оксфордын их сургуулийн хамтран гаргасан вакцин бол нөгөөх нь Энэтхэгийн Бхарат Биотек компанийн дотооддоо боловсруулан гаргасан Ковакцин вакцин юм. Эдгээр хоёр вакциныг Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэж байгаа бол удахгүй мөн Оросын Спутник V вакциныг үйлдвэрлэх, нэвтрүүлэх зөвшөөрөл хүлээж байгаа юм байна.