COVID-19 коронавирусний шинэ халдварын тохиолдол дэгдэж, эрчимтэй тархаж байгаа Их Британи улсад сүүлийн нэг хоногт цар тахлын 38 мянган тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Их Британид өнөөдрийн байдлаар цар тахлын халдварын тоо 3 сая 400 мянгад ойртоод байна.

Сүүлийн нэг хоногт Их Британид COVID-19 коронавирусний 38,598 тохиолдол шинээр бүртгэгдэж, 671 хүн нас баржээ. Тэгвэл үүнээс нэг хоногийн өмнө 41,364 тохиолдол бүртгэгдэж, 1,295 хүн нас барсан байна. Нийтдээ Их Британид өнгөрсөн хугацаанд цар тахлаар 89 мянган хүн амиа алджээ.

Оны өмнөхөн Их Британид коронавирусний мутант шинэ хубилбар дэгдэж, маш богино хугацаанд тархалт идэвхжсэн юм. Улмаар 2021 оны 1-р сарын 4-нөөс эхлэн Англид үндэсний хэмжээний хатуу хөл хорио, локдаун зарласан нь өмнөх 2 хөл хорионоос хамгийн чанга хатуу журам бүхий хөл хорио болжээ.