Хятадад удахгүй болох уламжлалт Цагаан сарын баярын үеэр энэ улсын эрх баригчид иргэдээ орон нутагт хийх шилжилт хөдөлгөөнөө багасгаж, онцын шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байхыг хүсч байна.

Хятадын уламжлалт Цагаан сар энэ жил 2-р сарын 12-нд болж байгаа юм. Тэгвэл Хятадын эрх баригчид COVID-19 цар тахлын дэгдэлт нэмэгдэхээс сэргийлэхийн тулд иргэдээ баярын үеэр орон нутаг, хот хооронд шилжилт хөдөлгөөн хийхээс татгалзахад уриалж байна.

Хятадын төмөр замаас мэдээлж байгаагаас энэ жил хот хоорондын зорчих хөдөлгөөн өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 60% буураад байгаа нь тасалбарын борлуулалтаас харагдаж байгаа гэнэ. Энэ жилийн Хятадын Цагаан сарын амралт 1-р сарын 28-наас эхлэн 40 хоног үргэлжлэх юм. Тэгвэл энэ хооронд төмөр замаар зорчих иргэдийн урсгал 296 саяд хүрч болзошгүй гэж тооцож байна.

Зөвхөн нийслэл Бээжин хотоос л гэхэд төмөр зам болон агаарын тээврээр 13,4 сая иргэн зорчиж болзошгүй байгаа нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 40%-иар буурсан үзүүлэлт, харин 2019 онтой харьцуулахад 69%-иар буурсан үзүүлэлт болох нь ээ.