АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп түүний нөхөр Цагаан ордныг орхин, дараагийн тэргүүн тангараг өргөн үүрэгт албандаа орж байгаатай холбогдуулан улсынхаа ард иргэдэд хандан үдэлтийн мэдэгдэл хийжээ.

Мелания Трамп Цагаан ордны гол танхимын дэргэдээс мэдэгдлээ хийжээ. Хатагтай Трамп Цагаан ордонд өнгөрүүлсэн өнгөрсөн 4 жил түүний гэр бүлийн амьдралд хэзээ ч мартагдахааргүй үйл явдал байсныг тэмдэглэн, түүний нөхөрт итгэл хүлээлгэн улсын тэргүүнээр сонгосон ард иргэддээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр Америкийн тэргүүн хатагтайн хувиар өнгөрсөн 4 жилд маш олон сайн сайхан хүнтэй учирч, олон хүний зүрх сэтгэлийг тээн, төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй хашсан нөхөртөө талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хатагтай Трамп мэдэгдэлдээ эх орноосоо хол улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа цэрэг дайчид, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, мөн түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвараар амиа алдсан иргэдийн төлөө үргэлж залбирах болно гэдгээ ч уламжилжээ.

АНУ-ын 45 дахь төрийн тэргүүн Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания Трамп нар Цагаан ордны дараагийн тэргүүн Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй юм.