АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден тангарагаа өргөн үүрэгт албандаа орлоо. Цагаан ордны шинэ тэргүүний тангараг өргөх ёслол Капитолийн ордонд болсон юм.

Жозеф Байдены тангараг өргөх ёслол урьд урьдын төрийн тэргүүн нарын ёслолоос илүү цомхон хүрээнд болсон юм. Дэлхийн улс орнуудад дэгдсэн цар тахлын улмаас ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулахаас аргагүй болжээ.

Жозеф Байден Капитолийн ордны хүндэтгэлийн шатан дээр болсон ёслолын үеэр уламжлал ёсоор библи судар дээр зүүн гараа алдлан тавьж тангарагаа өргөсөн байна. Тэрээр тангараг өргөх үедээ АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг чин шудрагаар гүйцэтгэж, улсынхаа Үндсэн хуулийг дээдлэн, улс орон ард түмнийхээ эв нэгдэл, сайн сайхны төлөө өөрийн бүх хүчээ дайчлан ажиллахаа тангарагласан байна.