Нийслэлийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл энэ сарын 18-нд эхэлнэ

Боловсрол

Улсын хэмжээнд сургалтын байгууллага 100 хувь танхимаар хичээллэж байна. Харин цэцэрлэг зөвхөн 3-5 настнуудыг хүлээн авч байгаа. Тэгвэл ирэх сараас бага бүлгийн хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байна. Бага бүлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 18-нд эхлэх юм.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага 2-5 настнуудаа 100 хувь хүлээн авах боломжгүй байгаа юм. Цар тахлын халдварын эрсдлээс шалтгаалан 2 болон гурван настай хүмүүжигчдээ хараахан аваагүй байсан юм. Тэгвэл энэ сарын 18-наас бага бүлэгт явах хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ.

Ирэх сараас бага бүлгийн хүүхдүүд цэцэрлэгтээ явах боломжтой. Гэхдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллага бэлтгэл ангийн буюу 5 настнуудаа 100, дөрвөн настай нийт хүүхдийн 86 хувийг, гурван настнуудыг 70 гаруй хувиар хамруулах бодлого баримтлан ажиллаж байгаа.

Ирэх сараас бага бүлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Бүртгэлийг www.parent.edu.mn сайтаар болон ESIS гар утасны апп-аар зохион байгуулна. Бүртгэл энэ сарын 18-ны 09:00 цагаас II/24-ний 18 цаг хүртэл үргэлжлэнэ.

Хүүхэд цэцэрлэгт элссэн эсэх мэдээлэл  эцэг эхчүүдийн гар утсанд 25-ны өдөр мессежээр очно. Элсэлтийн үйл ажиллагааг цахимаар нээлттэйгээр зохион байгуулах юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй бол хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрээ очиж мэдээлэл авна.