Даваа гарагаас хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт явна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт элсэх ёстой нийт хүүхдийн 30 орчим хувийг хамруулахаар төлөвлөж байна. Цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар албаныхан мэдээллээ. Цэцэрлэг тус бүрт хоёр настнуудыг хүлээн авах 1-2 бүлэг ажиллахаар болжээ.
Нийслэлийн хэмжээнд хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд цөөн тоогоор авахаар болсон. Тодруулбал хоёр настай 35 мянган хүүхдээс 10 мянга нь л хамрагдах юм. Цэцэрлэгүүд хоёр настнуудаа 1-2 бүлэгт хамруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлийн 67 дугаар цэцэрлэг хоёр настны 2-3 бүлэг хичээллүүлдэг байсан бол одоо зөвхөн нэг бүлэгт хүүхдүүдээ хүлээн авахаар болжээ.
2 настнуудын бүртгэлийг цахимаар зохион байгуулсан. Цэцэрлэгт элссэн хүүхдүүд шээс болон цагаан хорхойн шинжилгээгээ өгч Даваа гараг буюу 28-ны өдрөөс хичээлдээ явах юм.