Амралтын өдрүүдэд номын санг зорих сурагчид нэмэгдэж эхэлжээ

Боловсрол

Дараагийн сурвалжлагыг манай сэтгүүлч төв номын сангаас бэлтгэлээ. Амралтын өдөр номын сан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа сурагчид болон оюутан залуусаар дүүрдэг байна. Тэд чимээгүй орчинд, бүх төрлийн сурах бичгээ урдаа тавьж, бүх анхаарлаа хичээл сурлагадаа зориулж байгаагаа ярилаа. Ирээдүйд сайн хүчирхэг мэдлэгтэй сайн мэргэжилтэн байхын тулд одооноос шаргуу шамдах ёстой гэсэн үгсийг сурагчид онцолж байна.

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр сэтгэл сэртхийлгэм хэргүүдийн мэдээлэл шил дараалан гарч, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй, харилцаа хандлага аль зүгт явж байгааг харуулах жишээнүүд цахим сүлжээнд шуугиулах болсон.

Бямба гарагийн амралтын өдөр бид цахим орчинд биш номын санг сонгосон өсвөр насны хүүхдүүдтэй цөөн хором ярилцлаа. Тэдний тухайд цахим орчинд нэлээдгүй цаг өнгөрөөдөг ч итгэх итгэлгүй байдаг гэдгийг хэлж байна. Учир нь үнэн худал нь мэдэгдэхгүй хэт олон мэдээлэл байхаас гадна иргэд түүнд нь итгэж нийтээрээ бухимдан нэгнээ шүүмжлэх нь тийм ч таатай байдаггүй гэсэн юм.

Б.Билгүүндалай: Зөв хүмүүжилтэй хүн байхын тулд хичээдэг 

Сүүлийн үед амралтын өдрүүдээр чөлөөт цагаа номын санд өнгөрөөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн номын санч онцлон хэлж байсан юм. Судалгаагаар ч ном унших хүүхдийн тоо өссөн дүнтэй гарсан нь өнөөгийн нийгмийн гэрэл гэгээтэй зүйлсийн нэг.

Сурагчдын тухайд өөрт тав тухтай орчныг сонгон өөрийгөө хөгжүүлэхэд анхаараад зогсохгүй үе тэнгийн хүүхдүүдээ ч аль болох цахим хэрэглээ гэхээс илүүтэй өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг байхыг уриалж байсан юм.

Цахим сүлжээ хүчээ авсан өнөөгийн нөхцөлд бага насны хүүхдүүд болоод өсвөр насныхан зөв зүйлийг сонгож, зөв мэдээллээ авдаг байх нь юу юунаас чухал гэдгийг сурагчид ийнхүү онцолж байна. Өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулж байхыг үе тэнгийхэндээ уриаллаа.