Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: "Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээний оношлуурын тестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагын оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн.
Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно. Ойрын хавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа.
Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай. Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэг танхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг мөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна" гэлээ.