Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: "Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд эрэмбээр эрэмбэлэгдсэн иргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа.
Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна.
Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн нас баралт бага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн нас баралтууд архаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм.
Эрүүл мэндийн яаманд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос нас баралтын шалтгаан “Ковид-19”-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг. Коронавирусийн халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нарт юнителийн 220 дугаар олгосон.
Нийт 11.773 дуудлага ирснээс 140 дуудлагад хариу өгч амжаагүй байна. Дийлэнх дуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 3-21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна.