Хөхний хортой болон хоргүй хавдраар бүхий л насны эмэгтэйчүүд өвчлөх эрсдэлтэй.
Ялангуяа эмэгтэй хүүхдийг хөх ургаж эхлэх үеэс нь хөхний хавдраас сэргийлэх аргад суралцуулах шаардлагатай гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Манай улсын хувьд хөхний хавдраар өвчлөгсдийн дийлэнх буюу 98 орчим хувийг эмэгтэйчүүд, 2 хувийг эрчүүд эзэлдэг байна. Насны хувьд 40-60 насныхан хөхний хавдраар өвчилж байна гэх судалгаа гарчээ.
Анагаахын шинжлэх ухаанд хөхний хавдрыг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эмгэг гэж үзэх болсон байна. Учир нь эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдрыг эрт илрүүлэх оношилгоо хийдэг болсон нь энэ төрлийн өвчнөөс сэргийлэхэд ахиц гарсан гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Манай улсад жилдээ 250 гаруй хөхний хавдрын тохиолдол оношлогддог байна. Улсын хэмжээнд нийт хавдрын зургаа дугаарт, эмэгтэйчүүдийн хавдрын дөрөв дүгээрт хөхний хавдар ордог гэх судалгаа бий. Жилээс жилд хөхний хавдрын тохиолдлын тоо ихсэж, нас залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.