Монгол улсад вакцинжуулалт эхлээд найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 2 сая 130 мянга гаруй иргэн II тундаа бүрэн хамрагджээ.
Харин дархлаа сэргээх III тунд 405 мянга орчим иргэн хамрагдсан байна. Сүүлийн үед иргэдийн дунд халдвар аваад эдгэсэн бол вакцинд хамрагдахгүй байж болно дархлаа үүссэн гэх ташаа ойлголт бий болжээ. Иймд ЭМ-ийн Сайд нэмэлт тунгийн тухай тушаал гарж баталсан байна. Үүнд иргэдийг халдвар аваад эдгэснээс хойш хэдий хэр хугацааны дараа вакцинд хамрагдаж болохыг тодорхой заажээ. Тухайлбал, II тунгаа хийлгээд халдвар авч өвдсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа III тундаа хамрагдах боломжтой.
100 гаруй мянган иргэд эхний тундаа хамрагдаад II тундаа хамрагдаагүй үлдсэн байна. Эдгээр иргэд нь файзер вакцин хийлгэх сонирхолтой байжээ. Тэгвэл эдгээр иргэд эхний тундаа хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн бол дахин I тунгаа "Файзер" эсвэл "Вироселл" вакцин хийлгэх боломжтой болсон байна.
Мөн 5-11 насны хүүхдүүдэд файзер вакцин хийх талаар судалж байгааг ЭМЯ-аас мэдэгдлээ.
Цар тахлын халдвараас гадна томуугийн өвчлөл нэмэгдэж идэвхжлийн түвшинд хүрсэн байна. Тиймээс гараа угаах, хүн хоорондын зай барих, амны хаалтаа тогтмол зүүх гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байгааг албаныхан онцоллоо. Учир нь томуу, коронавирустай хавсран илүү хүндээр өвчлөх эрсдэл байгааг хэлж байна.