Омикрон хувилбараар өвдөх хүүхдийн өвчлөл нэмэгджээ

Ковид-19 /дотоод/

Коронавируст халдварын Омикрон хувилбар асар хурдацтай тархаж байна. Оросын эрдэмтэд энэ хувилбарын тархалтыг усан дээр бэх дусаахтай ч адилтгажээ. Өнөөдөр улсын хэмжээнд илэрч байгаа нийт халдварын 90 хувийг Омикрон эзэлж байгаа ч Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн 0-11 насны хүүхдүүдийн өвчлөл эрчимтэй өсөж байгааг онцолж байна.

Ковид-19 халдварын альфа болон дельта хувилбарын давалгаа эрчимтэй байх үед таван хүн тутмын нэг нь бага насны хүүхэд байсан. Харин бусад мутациас хамгийн хурдан тархаж байгаа Омикрон хувилбараар өвчилж байгаа иргэд дунд хүүхдийн өвчлөл эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан иргэдийн 21.7 хувь нь бага насны хүүхэд байгааг хэллээ. Тэр дундаа вакцинд хамрагдаагүй  0-11 насны хүүхдүүд халдвараар өвдөх нь нэмэгдэж эхэлжээ.

Дархлаа дэмжихэд унтах хамгийн чухал тул хүүхдийг өдөрт 2-3 цаг тогтмол унтуулж байхыг зөвлөлөө

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо өсөхийн хэрээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд ор зохицуулах баг шаардлагатай иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа. Хоногтоо 300-600 иргэн тус багт хандаж байгааг хэлж байна. Өчигдөр гэхэд 542 хүнд ор хуваарилан хэвтүүлснээс 0-16 насны 76 хүүхэд хүндэвтэр буюу улаан болон улбар шар эрэмбэд байжээ. Тиймээс иргэд хүүхдийн дархлааг сайн дэмжиж, өдрийн цагаар унтуулж амрааж байх нь чухал гэдгийг зөвлөж байна.

Омикрон хувилбар ханиадтай ижил шинж тэмдгээр буюу хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, бага зэрэг халуурах байдлаар эхэлж байгаа. Харин хүндрэл нь амьсгалахад төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах, цустай цэр гарах зэрэг шинжүүд байгааг хэлж байна. Тиймээс иргэд удахгүй болох Сар шинийн баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэж эрсдэлт бүлэг болох бага насны хүүхдүүд, ахмад настан, архаг өвчтэй хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.