Коронавируст халдварын Омикрон хувилбарын тархалт аж ахуй нэгжүүдийн дунд хамгийн хурдацтай байгааг онцолж байна. Нэг ажилтан өвдөхөд тухайн байгууллага бүхэлдээ халдварт өртөх магадлал өндөр болж байгааг судлаачид санууллаа. Тийм учраас халдварын дэгдэлт оргил үедээ байгаа энэ цаг үед алсаас, цахимаар ажиллах боломж эрэлхийлэхийг уриаллаа.
ДЭМБ-аас зургаан бүсийн 149 улс оронд өнөөдрийн байдлаар халдварын хамгийн өндөр эрчтэй давлагаа явж байна хэмээн тодорхойлсон. Улсын хэмжээнд хоёр удаа хийсэн үнэлгээгээр халдварын эрсдэл маш өндөр гэж гараад байгаа. Омикроны тархалтын хурд эрчтэй нэмэгдэж өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихсэж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 24-27 хувиар буюу оны өмнөхөөс тав дахин өсөөд байгаа. Иргэд гэр бүлийн орчинд эсвэл албан байгууллагаас халдвар авах нь их байгаа тул аливаа нэг албан байгууллагын удирдлагууд халдвараас сэргийлэх дотоод зохион байгуулалтаа сайжруулахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Вакцин хийлгэснээс хойш 7-14 хоног дархлаа тогтох хүртэл өөрийгөө хянахыг санууллаа
Тархалт ихсэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэх, иргэдэд шаардлагатай яаралтай тусламжийн эрэлт хэрэгцээ огцом ихсэж байгааг албаны хүмүүс хэлж байна. Халдварын дөрөв дэх давалгаа буюу Омикрон хувилбарын тархалтыг бууруулахад дэглэм баримтлахаас гадна нэмэлт тундаа хамрагдах нэн чухал гэдгийг хэллээ. Вакцин хийлгэсний дараа дархлаа бүрэн тогтох хүртэл буюу 7-14 хоног өөрийгөө сайтар хянахыг ч санууллаа.
Омикрон мутацийн нууц үед бусад төрлийн мутацитай харьцуулахад нууц үе 2-3 хоног буюу харьцангуй богино байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Гэхдээ нууц үеийн хугацаа богино байх тусам нэг дор хүмүүс бөөгнөрсөн үед тархах эрсдэл өндөр байдаг байна. Учир нь халдвар нууц үедээ байхдаа хамгийн их халдварлуулах чадвар өндөр байдгийг хэллээ. Тиймээс албан байгууллагуудад халдвар гарсан тохиолдолд яаралтай дотоод зохион байгуулалт хийж ажиллахыг зөвлөж байгаа юм.