Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна.
Иймд хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийх ажиллагаа явагдаж байна.
21 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарлаа.
Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR-ийн шинжилгээг авч ХӨСҮТ рүү болон аймгийн БОЭТ-д илгээх ажлыг зохион байгуулж байна.
Эрсдэлтэй хугацаанд /2021 оны 03 дугаар сарын 01 ээс хойш/ амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, өөрийн аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилласнаар тус сувилалд 03-р сарын 10-20 ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан 4 иргэний PCR шинжилгээ батлагдсан нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.