Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 206 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байсан халдвар зарим аймгуудад тархаж эхэллээ. Тооцооллоор халдвартай нэг иргэний ард дөрвөн хүн бий гэж үзэж байгаа. Тэгэхээр илрээгүй, нууц байдлаар халдвар богино хугацаанд тархаж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
12326 хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрлээ. Ингээд улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо. Үүнээс дотоодын халдвар 4856. Харин Зөвхөн Улаанбаатар хотод 4474 болсон байна. Шинээр батлагдсан 206 тохиолдлын 191 нь нийслэл хотод. Харин Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Орон нутагт тархсан дотоодын халдварын нийт 382 тохиолдол батлагдаад байна. Харин голомтод ажиллаж байсан эрүүл мэндийн хоёр ажилтан халдвар авчээ. Ингээд эмнэлгээс шалтгаалах халдвар эрүүл мэндийн нийт 62 хүн өртөөд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 3758 хүн бүрэн эдгэрээд байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд халдвар авсан байсан дөрвөн хүн эдгэрсэн гэдгийг албаныхан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 1419 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1218 нь хөнгөн, 183 нь хүндэвтэр, 14 нь хүнд, 4 хүний биеийн байдал маш хүнд байдалтай байгааг албаныхан танилцууллаа.