Эмийн үнэ импортын үнээс 10-82 хувиар өндөр худалдаалагдаж байна

Үйл явдал

Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хангалтгүй, бүртгэл, хяналт муу байгааг шалгалтаар тогтоожээ.

Өвчин тахал ихтэй энэ цаг үед манай улсад худалдаалагдаж байгаа эм импортоор орж ирсэн үнээсээ 10-82 хувиар өндөр борлуулагдаж байгааг Аудитын газраас мэдээллээ. Тухайлбал, олон улсад 50 доллараар борлуулагдаж байгаа гепатит вирусийн эм манай улсад 180 доллараар буюу 2-3 дахин өндөр үнэтэй байна. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо тун хангалтгүй гарсан байна.

Манай улс 2014 онд төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг баталж өнөөдрийг хүртэл дорвитой шинэчлэл хийгээгүй явж иржээ. Үүний уршгаар төрөөс баримтлах эмийн бодлого алдагдаж хэрэгжилт хангалтгүйн дээр эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо маш муу байгааг Үндэсний аудитын газраас мэдээлж байна. Иргэдийн дунд эрэлт ихтэй зарим бүлгийн эмийн үнэ импортоор орж ирсэн үнээсээ 82 хувиар өндөр байгааг шалгалтаар тогтоожээ. 

2012 онд Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар эмийн үнэ олон улсын жишгээс 2.24 дахин өндөр байгааг тогтоож байсан байна. Үүний дараа 2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн судалгаагаар мөн л олон улсын жишгээс хэд дахин өндөр байгааг тогтоосон байдаг. Үнэ өндрөөс гадна импортын эмүүдэд тавих хяналт хэлбэр төдий зүйл байгааг Аудитын байгууллагаас онцолж байгаа юм. Тиймээс эмийн хяналтыг нэн даруй сайжруулж, үнэ бууруулах арга хэмжээ авах хэрэгтэйг албаны хүн онцоллоо.

2018-2020 онд 1124 эмийг улсын бүртгэлд бүртгэхээр шийдэж байжээ. Гэвч түүнээс 95-ых нь мэдээллийг цахим системд оруулаагүй байна.

Хамгийн ноцтой нь эмнэл зүйн судалгааны үр дүнг харгалзан үзэлгүй 277 эмийг бүртгэлд оруулсан байгаа юм. Мөн импортлогч компаниуд эмийн аюулгүй байдлын тайланд бүрэн илгээдэггүй гэх зөрчилч гарчээ.

Хүний амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой асуудалд төрийн хяналт зохицуулалт муу иргэд, баталгаатай эм бэлдмэл хэрэглэдэг эсэх нь тодорхойгүй байгааг салбар яам анхааралдаа авах цаг болжээ.