Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихсэж, эмч нар чадах чинээгээрээ арга хэмжээ авч байна

Үйл явдал

Бага насны хүүхдүүд дунд цахилгаан менингитийн халдвар эрчимтэй тархахаас гадна томуу томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахаа больсон. Өчигдөр цахим сүлжээнд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг ханандаа халбага сэрээ зоож дусал өлгөн, зориулалтын бус өрөөнд газраар хүүхэд эмчилж байгаа нь олон  нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл дүүргийн эмнэлгүүд хүнд ирж байгаа хүүхдийг буцаахгүйн тулд байгаа боломжоороо ажиллаж байгааг хэлж байна.

Томуугийн дэгдэлт эрс нэмэгдсэнтэй зэрэгцэн цахилгаан менингитийн тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэх болсон. Дүүрэг бүрт хүүхдийн тасаг, хүлээн авах, амбулаторийн хүчин чадал байх ёстой хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хүлээн авахууд 24 цагаар, амбулаториуд болон өрхийн эмнэлгүүд ч мөн адил уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Тухайлбал БГД-ийн хүүхдийн эмнэлэг ханандаа халбага зоож дуслын системээ залгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Энэ бол хүндэрсэн хүүхэд нэг бүрийг гэр рүү нь буцаалгүй байгаа боломжоороо яаралтайгаар эмчилгээнд оруулж буй хэрэг гэж эмнэлгийн удирдлагууд тайлбарлалаа. СХД-ийн хүүхдийн эмнэлэг ч мөн л ачаалал ихтэй байгааг эмч нар учирлаж байна. 

Томуу томуу төст болон цахилгаан менингитийн халдвар бага насныхны дунд ялангуяа 0-5 насныхан ихээр өртөж байна. Цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлсэн нь халдварт өвчний тархалтыг эрс нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Хүүхдэд томуугийн болон бусад халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн л бол цэцэрлэг сургуульд нь өгөлгүй эмчид хандаж, тохирох эмчилгээг эмчийн зааварчилгааны дагуу хийлгэхийг сануулж байна.

Дур мэдэн эмчилгээ хийснээр тухайн өвчин хүндрэх эрсдэлтэйг анхаарууллаа.