Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгов. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх АШУҮИС-ын дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өгөв.
Энэхүү оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сарын 1 өдөр эхэлсэн бөгөөд эхлэл санхүүжилтийг БСШУ-ны яам гаргаж, эрдэмтдийг дэмжсэн байна. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар дэмжлэг үзүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ын удирдлага илэрхийлж байлаа.
Шүлснээс covid-19 өвчнийг илрүүлэх оношлуурыг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.
Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс covid-19 өвчнийг оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин бага гэдэг тайлбарыг эрдэмтдийн төлөөлөл өглөө.
Оношлуур бүтээх эрдэмтдийн багт АШУИС-ын дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ын 10 гаруй эрдэмтэн багш нар ажилласан байна.
Эх сурвалж: ЭМЯ