Олон зуун жилийн турш ард түмний шүтээн байсан Зост ууланд ашиглалтын лиценз олгожээ. Молибденоор баялаг энэ уул онгон дагшин байгальтайгаас гадна ан амьтан элбэг, жимс жимсгэнэ жилийн жилд ургадаг баян хангай юм. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг Зост ууланд олборлолт явуулах шийдвэр гарсныг мэдсэн нутгийн иргэд хэдийн эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн газар нутгийг ухуулахгүйн тулд бүх аргаа хэрэглэнэ гэдгээ нутгийн иргэд ярьж байна.
Ойн сан бүхий газар дээр нь булаг шанд ихтэй усны эх бүрэлддэг энэ газарт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр А лицензийг Зостресориз гэх компанид олгожээ.
Анх 2008.04.08 өдөр тус компани энэ газрыг хайгуулын лиценз болгон авсан байна. Ингээд 2008-2010 онд хайгуулын лиценз эзэмшигч компани хайгуул хийж, 2013 онд энэ газраа А лиценз болгон авах хүсэлтээ АМТГТ-т гаргажээ. Гэвч АМГТГ-аас дээрх газарт уул уурхайн А лиценз олгох боломжгүй. Учир нь ой сан бүхий газар гээд лиценз олгохоос татгалзсан хариуг 2017 онд АТГТГ-аас “Зостресориз” компанид өгчээ. Гэтэл Тосонцэнгэл суманд хайгуулын лиценз эзэмшигч Зостресорик компани Нийслэл дэх захиргаан хэргийн шүүхэд АТГТГ-ыг шүүхэд өгч, 2020.05.25 өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүгч Оюунбатын Оюунгэрэл гэх шүүгч захирамж гаргаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын энэ газрыг А лиценз болгон олго гэх утга бүхий шийдвэрийг гаргаж, АТГТГ-т даалгасан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу 2021.06.29 өдөр нутгийнхан хэлдэгээр Хашиг уулыг А лиценз болгон Зостресориз компанид олгосон байна. Харин үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Учир нь лиценз олгогдсон газар бүхэлдээ ойн сан бүхий, усны эх болсон баялаг газар юм аа.
Хамгийн гол нь урт нэртэй хуулинд хамаарах газарт, шүүхээс А лиценз олго гэх шийдвэр гаргасанд нутгийн иргэд эгдүүцэж байгаа юм. Орон нутгийн удирдлагууд ч онгон дагшин энэ байгалиа ухуулахгүй байх байр суурьтай байна. Тиймээс тэд эхний ээлжинд сумын ИТХ-аа хуралдуулж тогтоол гаргажээ. Мөн сумын засаг дарга хуулийн гаргалгаа бүх судалгааг хийж, эхний ээлжинд шүүхэд эсэргүүцсэн нэхэмжлэлийг гаргахаар ажиллаж байгааг хэллээ.
Уг нь урт нэртэй хуулиар ойн сан бүхий газар, мөн гол ус мөрний эх бүрэлдэх газарт уул урхайн лиценз явуулах нь урт хуулиар хориотой. Үүнийгээ баримталж АМГТГ-аас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын энэ лицензийг олгохгүй гэж үзсэн ч тэд шүүгчээр алх цохиулж, ийнхүү ойн сан бүхий онгон дагшин газарт А лиценз авчээ.
Мөн тус сумын өмнөх удирдлагууд ч “Манай суманд хайгуулын чиглэлээр уул уурхайн үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөөгүй байсан” гэх утга бүхий албан бичгийг сумын иргэдийн нэрийн өмнөөс АМГТГ-т гаргаж өгсөн гэдэг албан мэдээлэл ч байгаа юм аа.