Иргэд цахим орчноос бараа сонгон худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг хуулийн байгууллагаас сануулж байна. Сошиал худалдаа голдуу урьдчилж мөнгөө төлөхийг санал болгодог. Үүнийг ашигласан залилан, хууран мэхлэгчид олширсоор байгааг анхаарууллаа.
Он гарсаар цагдаагийн байгууллагад 7800 гаруй гэмт хэрэг зөрчил бүртгэгдснээс 2300 гаруй нь залилах төрлийн гэмт хэрэг байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон шалтгааныг хорио цээрийн дэглэм суларч, иргэдийн амьдрал, үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбож байна.
Тухайлбал аль нэг гадны улсын дэлгүүрүүдээс шууд лайв хийж урьдчилгаа хийснээр 7 хоногийн дотор Монголд очно гэх зэргээр иргэдийг хууран мэхлэх тохиолдол гарах болжээ.
ИРГЭДЭД ХАМГИЙН ТААТАЙ, УЯН ХАТАН НӨХЦӨЛ САНАЛ БОЛГОЖ АШИГ ОЛДОГ БИЗНЕС БАЙХГҮЙ
Бизнес эрхлэгчид бол ашиг олох зорилготой. Гэтэл сошиалаар дамжуулан иргэдэд хамгийн уян хатан болзол тавьж зээл олгох, худалдаа наймаа хийх нь байх боломжгүй. Тиймээс энэ төрлийн бизнест шууд итгэхээсээ өмнө лавлаж, нягтлах хэрэгтэй цагдаагийн алба хаагчид зөвлөж байна.
Мөн иргэд их бага гэлтгүй мөнгө залилуулсан л бол цагдаагийн байгууллагад тэр дор нь мэдэгдэж байхыг анхаарууллаа. Бага мөнгө юм чинь гэж чимээгүй өнгөрсөн тохиолдол бүр энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг өөхшүүлж байгааг санууллаа.