Барилгын фасадны дулаалгыг зөв сонгоогүйгээс гал алдах тохиолдол их гардаг байна  

Эрх зүй

Гурав хоногийн өмнө ХУД-ийн Нисэхийн тойрог орчимд ашиглалтад орох гэж байсан орон сууцны барилга шатсан. Галын шалтгааныг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй байна. Өнгөрөгч 2020 оны 6-р сард Зайсан орчимд дээрх барилгатай ижил гал гарч байсан бол 21 онд мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байсан орон сууцны барилга шатаж байжээ. Ашиглалтад ороогүй барилгууд шатах энэ мэт тохиолдолд дийлэнх нь гадна фасадны дулаалгыг зөв сонгоогүйгээс гал гарсан байдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Тиймээс бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед стандартад нийцсэн чанартай материал ашиглах нь чухал байна.  

 

Үнэ хямд, чанар муутай хөөсийг барилгад ашиглах нь гал хурдан тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Урин дулааны улиралтай зэрэгцэн барилга байгууламжийн ажил эхэлдэг. Энэ үед орон сууц, нийтийн эзэмшлийн барилгад галын эрсдэл нэмэгдэж байдгийг албаны хүмүүс сануулж байна.

Тухайлбал, гурав хоногийн өмнө Нисэхийн тойрогт орон сууцны барилга шатаж дахин ашиглах боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Шатсан барилга Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу баригдсан гэж байгаа ч энэ мэт ашиглалтад орох гэж байсан орон сууц шатах тохиолдол цөөнгүй гардаг байна.

Дийлэнх тохиолдолд дээрхтэй ижил галын шалтгаан шилэн хөөснөөс болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ үед чанартай барилгын материал ашиглахад онцгой анхаарах хэрэгтэйг зөвлөсөн юм.

Жилд орон сууцны барилгад санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан 200 гаруй дуудлага ОБЕГ-т бүртгэгддэг байна. Шалтгаан нөхцөл тодорхой болсны дараа эдгээрийн дийлэнх нь барилгын ажлаа үргэлжлүүлдэг байгаа юм.

Гал алдах эрсдэл ихэвчлэн дулаалгын материал буруу сонгох, шаардлага хангаагүй хөөс, хөөсөнцөр ашигласнаас болдог тул дээрх төрлийн материал сонголтод онцгой анхаарах хэрэгтэй байдаг байна.

Зарим барилгын компани үнэ өртгийн хувьд бага зэрэг ялгаатай, хямд хөөсийг ашиглах нь санамсаргүй байдлаар гарсан гал богино хугацаанд тархах нөхцөл үүсгэдэг гэдгийг ч хэлж байгаа юм. 

Манай улсад барилга угсралтын ажлыг хийж байх явцад материал хөөсөн дулгаалгыг  хянах байгууллага төдийлөн байдаггүй. Чанартай хяналт тавьж чадахгүй байгаагаас стандарт бус барилгуудын ажил хэвийн үргэлжлэх тохиолдол ч цөөнгүй.

Баригдаж байгаа барилгад гарсан галын улмаас бетон доторх арматурууд уярах, хайлах зэрэг нөлөөнд өртөж газар хөдлөлтийн үед тэсвэрлэх чадвар мууддаг гэдгийг зарим мэргэжлийн инженерүүд хэлж байгаа юм. Тиймээс барилгын компаниуд аливаа эрсдэлийг тооцож байх хэрэгтэйг албаны хүмүүс зөвлөлөө.