Улаанбаатар хотын захирагч асан Бат-Үүл ШШГЕГ-ын харъяа дамжин өнгөрүүлэх 409 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Хоригдох хугацаандаа Украины асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлаж байгааг тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн. Тиймээс захидал харилцаа болон хэвлэн нийтлэх эрхээ сэргээлгэх хүртлээ өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.
Улаанбаатар хотын захирагч Бат-Үүлд дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байгаа. Тэрээр одоо ШШГЕГ-ын харъяа дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа юм. Тэрээр захидал харилцаа, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж байгаа тухай мэдээллийг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгч байсан. Тэгвэл өнөөдөр энэ эрхээ сэргээлгэтэл өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.
Бат-Үүлийн хувьд хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхээ сэргээтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ. Түүний өмгөөлөгч болон хүүгийнх нь хийсэн мэдээллийн араас Нийслэлийн прокурорын газраас албан ёсны тайлбар өгсөн байна.
НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайханы мэдээлснээр Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг үндэслэлгүйгээр хааж, зөрчиж байгаа гэсэн нь огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Прокурор хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах талаар ямар нэгэн шийдвэр гаргадаг субъект биш. Харин хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг байгууллага. Хэрвээ ял эдлүүлэх ажиллагааны явцад хэн нэгний эрх, эрх чөлөө зөрчигдсөн бол прокурорт гомдол гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл Э.Бат-Үүл болон түүний өмгөөлөгчөөс прокурорын байгууллагад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлээгүй атлаа удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр ор үндэслэлгүй асуудлуудыг ярьж байна гэжээ.