Өчигдөр орой 19:40 цагийн орчимд Цогтцэций өртөөнд сэлгээний вагон замаас гарчээ. Тодруулбал, 33 вагонтой галт тэрэгний цувааны зүтгүүрээс хойшхи 23 дахь вагоны хоёр дугуй замаас гарсан энэ явдал осол биш гологдол гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Гологдол гарсан даруйд мэргэжлийн байгууллага шуурхай арга хэмжээ авч өнөөдөр 14 цаг гэхэд үүссэн нөхцөл байдлыг хэвийн горимд шилжүүлжээ.
Таван толгойгоос Цогтцэций өртөө чиглэлд сэлгээнд явж байсан галт тэрэг замаас гарлаа. Албаны хүмүүсийн өгсөн тайлбараар цуваанд явсан нэг вагоны тэргэнцэр буюу дугуй замаас гарчээ. Энэ бол осол биш. Мэргэжлийн хэллэгээр энэ бол гологдол гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гологдол гарч байсан тохиолдол бий. Гологдлын үед хүний эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл үүсээгүй. Одоогоор гологдол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэлээ. Албаны ёсны дүгнэлт 7-14 хоногийн дараа гарна гэдгийг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.
Энэ сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас анхны галт тэргийг явуулжээ. Өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн байгааг албаныхан хэлж байна.