Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээхээр төлөвлөж байна

Улс төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн жил Гадаад харилцааны сайдын түвшинд айлчилж, Абу Даби хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх, “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцож, улс орноо сурталчлах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. 

Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашими Монгол Улс  “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна гээд үзэсгэлэнгийн үеэр зохиогдох “Монголын өдөрлөг” арга хэмжээ нь Монгол Улс, АНЭУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.