Г.Занданшатар: Шатахууны хомсдол гадаад хүчин зүйлээс хамаатай ч салбар хариуцсан сайд, дарга нар муу ажилласан

Улс төр

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байгаа юм.

УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа Монгол Улсын их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч халдвар хамгааллын дэглэмээ сахин шинэ хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна.

Цаашдаа энэ горимоор танхимаар хуралдана. 2022 оны улсын төсвийг хэлэлцэж батлахаас эхлэн нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж, хичээж ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Салбар хариуцсан сайд, дарга нар энэ хүнд цаг үед хариуцлагатай ажиллах ёстой. Тухайлбал шатахууны хомсдол гадаад хүчин зүйлээс хамаатай ч дотоодод зохицуулалт хийж чадаагүй салбарын сайд, дарга нар хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.