Улс төр

Үндсэн хуулийн цэцэд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан хоёр гишүүн байхад нэгийг нь чөлөөлөхөөр УИХ тогтоол оруулж ирж байгаа нь цэцийн гишүүний томилгоонд үзэмжээр хандаж байна гэх шүүмжлэлийг ерөнхийлөгч гаргасан. Улмаар цэцийн гишүүн Шарын Цогтоог чөлөөлж түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилохоор оруулж ирсэн УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан. Тэгвэл УИХ-ын хууль зүйн байнгын хорооны гишүүд хоригийг хүлээж авах боломжгүй хоёр үндэслэл байгааг хэлсэн юм.


Бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүнийг Улсын дээд шүүхээс томилсон тул УИХ-аас чөлөөлөх бичгийг хэд хэдэн удаа шаардсан ч дээд шүүх хариу ирүүлээгүй байна. Харин шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр шийдвэр гаргах байгууллага нэг сарын дотор асуудлаа оруулж ирэхгүй бол хариуцлага тооцох зохицуулалт хийснээр өнгөрсөн сард чөлөөлөх бичгийг оруулж иржээ. Ингэхдээ Солонго болон Цогтоо нарын нэгийг оруулж ирсэн нь Шарын Цогтын төрийн алба хаших насны дээд хязгаар тулсан тул чөлөөлөх шийдвэр гаргасан гэдгийг хэлж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Шарын Цогтын бүрэн эрхийн хугацаа 3-р сарын 26 ны өдрөөр дуусгавар болж төрийн алба хаших насны хязгаар тулсан тул УИХ-аас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Түүнийг чөлөөлөх тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг нийт гишүүдийн олонхи хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.