Эрдэнэтийн дулааны станц өргөтгөл хийж, хүчин чадал нь нэмэгдэж байна

Засгийн газар

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1987 онд 7 зуух, 3 турбингенератортой, суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 36 Мегаватт /МВт/, дулаанаар 302 Гегакалор.цаг /Гкал.цаг/ ба Эрдэнэт хот болон Монгол Улсын Төвийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангаж  ирсэн. 

Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд  гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газраас олгох 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх өргөтгөл, шинэчлэлийн төслийн гүйцэтгэгч ”Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн” ХХК, ашиглагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, хяналтын шат шатны байгууллагууд, туслан гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилчид хамтран цар тахлын хүнд нөхцөлд хийж дуусгасан.

Төслийн хүрээнд насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай  дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн.

Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй болж байна. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа энэ үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэхүү өсөлтийн  тодорхой хувийг нөхөх боломжийг бүрдүүлж байгаа нь онцгой чухал ач холбогдолтой юм.