Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сан бүхий газраас 270 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ 

Засгийн газар

Манай улс Ховд аймгийн Эрдэнбүрэн суманд усан цахилгаан станц барьж улсын баруун хязгаарыг эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөж байгаа. Олон жил яригдсан станцын бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн нутгийн малчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэгвэл салбарын сайд өнөөдөр малчдыг хүлээн авч уулзан улс орны бүтээн байгуулалт хэрхэн өрнөх гэж байгааг тайлбарлан өгчээ. Мөн гурван аймгийн дөрвөн сумын 250 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Баруун бүсийн импортын эрчим хүчний хэрэглээнд улсаас жил бүр 15 тэрбум төгрөг төлдөг.

Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц баригдснаар манай улс баруун бүсээ дотоодын эрчим хүчээр 100 хувь хангах боломж бүрдэнэ. 1964 онд анх хийгдэж байсан судалгааны дагуу өнөөдөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл ажил хангагдаад явж байна. Станцын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн орон нутгийн малчдын эсэргүүцэл гарч эхэлсэн. Учир нь усан цахилгаан станц баригдснаар бүс нутагт олон арван ажил мал аж ахуй, газар тариалан эрхэлж амьдарсан малчид усанд живэх болоод байгааг салбарын сайдад мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн юм. 

Манай улс жил бүр зөвхөн баруун бүсийн импортын эрчим хүчний хэрэглээнд 15 тэрбум төгрөг төлж байна. Харин усан цахилгаан станц баригдснаар энэ хөрөнгө дотооддоо үлдэх боломжтой. Тиймээс энэ төслийг огт зогсоохгүй, зогсоох боломжгүй гэдгээ салбарын сайд малчдад тайлбарлалаа. Мөн малчдын буруу ойлголт байгааг тэрээр залрууллаа. Тодруулбал, 28 мянга га бүхий усан цахилгаан станцын газарт усан сан байгуулах юм. Зөвхөн энэ хэсэгт л амьдарч, оршин суух, малаа маллах боломжгүй гэдгийг Тавинбэх сайд тайлбарлалаа. 

Мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийн дагуу 3 аймгийн 4 сумын 270 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй. Станц барих газар айл өрхүүдээс гадна соёлын өв, оршуулгын газар зэрэг олон зүйл бий. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэх зардлыг улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өөрийн өртөг буурах, импортын хэт хараат байдлаас гарах, ажлын байр нэмэгдэж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжих боломж бүрдэх юм.