Айл өрхийн цахилгааны хэрэглээг дахин 6 сарын хугацаанд төрөөс даах шийдвэр гарлаа

Засгийн газар

Монгол Улсын засгийн газар 2021 оны сүүлийн хуралдаанаа өнөөдөр хийлээ. Цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учраас иргэдэд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэхээр болж байна. Энэ удаад айл өрхүүдийн 250 квт хүртэл цахилгааны хэрэглээг Засгийн газар хариуцахаар шийдлээ. Харин гарах зардлыг уул уурхайн компаниудаас бүрдүүлэхээр төлөвлсөн байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрхийн цахилгааны зардлыг дахин зургаан сар төрөөс даах шийдвэр гаргалаа. Ингэхдээ гэр хорооллын айлууд 350 квт хүртэл цахилгааны зардлаа төлүүлэх бол, орон сууцны айлууд 250 квт хүртэл зардлаа төлүүлж илүү гарсан зардлыг өөрсдөө төлөхөөр болж байна. Харин ус дулаан, хогны төлбөрийг төрөөс даахгүй. Зөвхөн цахилгааны зардлыг төр төлөхөөр зохицуулж байгааг Эрчим хүчний сайд хэлж байна.

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ 350 КВТ, ОРОН СУУЦНЫ АЙЛ 250 КВТ-ААС ДЭЭШ ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ 

Цар тахал дотоодод тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед айл өрхийн цахилгаан дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр жил орчмын хугацаанд төлсөн. Цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрт өнгөрсөн онд 1.1 их наяд төгрөг зарцуулсныг Шадар сайд хэлж байсан. 

 АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ИРЭХ ОНД ТӨРӨӨС ДААХГҮЙ 

Харин энэ удаад зөвхөн цахилгааны зардлыг төрөөс даахад 73 тэрбум төгрөг шаардлагатай болсон байна. Үүнийг төрийн өмчит уул уурхайн том төслүүдээс гаргахаар засгийн газар тооцоолол хийжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар засгийн газрын нөөц хөрөнгөөс Омикрон хувилбарын эсрэг зарцуулах зардлыг гаргахаар боллоо.

Шинэ төрлийн Омикрон мутаци хэр хэмжээний хохирол дагуулахыг тооцох боломжгүй тул улс нийтээрээ эрсдэлээс сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухлыг онцолж байна. Засгийн газар сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх чиглэл өгсөн. Тиймдээ ч шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд халдварын эрсдэлээс сэргийлэхийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч онцлон санууллаа. 

ШУУД ҮЗЭХ