Цар тахлын халдварын үед салбар салбарын 100 гаруй мянган эмэгтэй ажиллаж, албан үүргээ гүйцэтгэжээ 

Засгийн газар

Өнгөрсөн хоёр жилд ард иргэдээ коронавируст халдвараас хамгаалахад 100 мянган эмэгтэй зүтгэжээ.

Эмч, сувилагч, онцгой байдал, цагдаа, сэтгүүлч, инженер гээд хатуу хөл хорионы үед салбар бүрт бүсгүйчүүдийн үүрэг оролцоо өндөр байсан байна. Эгзэгтэй цаг үед эх орныхоо төлөө зүтгэсэн эмэгтэйчүүдийнээ төлөөлөлд Монгол Улсын засгийн газар хүндэтгэл үзүүллээ.

Улсын хэмжээнд цар тахлын дэгдэлт намжмал байдалд ороод байна. Халдварын тархалтыг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо их байсныг албаныхан онцолж байна.

Тухайлбал, цар тахлын хариу арга хэмжээний багт ажиллаж буй нийт хүмүүсийн 100 гаруй мянга нь эмэгтэй, эрүүл мэндийн салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хийсэн ажил зэргийг Монгол Улсын засгийн газар үнэлж салбар салбарын төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэйд хүндэтгэл үзүүллээ. 

Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн. Цар тахлын халдвар өдгөө ч хэвээр үргэлжилж байгаа юм. Гэхдээ халдварын тархалт намжмал байдалд орсныг эрдэмтэн судлаачид онцлох болсон. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ийнхүү эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авлаа. 

Цар тахлын улаан бүсэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын эмэгтэйчүүд ээжийнхээ, гэрийн эзэгтэйн үүргээ умартан ажиллаж байсныг  дурсан ярьж байна.

Мөн тархалтыг газар авахуулахгүйн тулд нойр хоолгүй хамгаалалтад зогсох хүчнийхэн, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах хэвлэл мэдээллийнхэн гээд олон салбарт эмэгтэйчүүд манлайлж ажилласныг эргэн дурслаа.