Төгрөгийн үнэ унаж байгаа энэ үед валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газар шаталсан арга хэмжээ авахаар төлөвлөсний нэг нь экспортын компаниуд худалдаагаа ам.доллараар хийх тухай байсан юм. Үүний үр дүнд тэрбум ам.доллар орж ирнэ гэж Засгийн газар төлөвлөж байна.
Засгийн газар, Монголбанк гадаад валют, тэр дундаа америк долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна. Үүний нэг нь экспорт хийдэг компаниуд ам.доллараар худалдаа хийж Монголбанкинд доллар төвлөрүүлэх юм.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК зэрэгт даалгасан байна. Энэ дагуу Эрдэнэс Таван толгой ХХК гэхэд өнгөрсөн сар Монголбанкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Үүн дээр Оюутолгой ХХК, Эрдэнэт ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард 1 тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна.
Богино хугацаанд Төв банкинд долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.